Форум | Холбоо барих
Блог хайлт:

Teacher of Chemistry B.Tsolmon

Химийн урвалын мөн чанар



бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: Хими 2009-11-28 өдөр 11:12
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Химийн холбоо


10-р ангийн сурагчид Химийн холбоо, молекулын бүтэц  тестийг хийхийн өмнө дараах сэдвийг анхааралтай уншаарай хүүхдүүд ээ!

Атомууд химийн холбоогоор нэгдэж молекул хэрхэн үүсдгийг орчин үед атомын бүтцийн электроны онолын үндсэн дээр тайлбарлаж байна. Химийн хувьд тогтвортой олон атомт систем бүрдүүлж байгаа хоёр ба түүнээс дээш тооны атомын хоорондох харилцан үйлчлэлийг химийн холбоо гэнэ.

Атом буюу молекулуудын хоорондын бусад төрлийн үйлчлэлээс химийн холбооны ялгагдах гол онцлог гэвэл нэгдэж байгаа атомуудын электрон бүрхүүлийн төрх өөрчлөгдөх явдал юм. Иймээс химийн холбоог электрон бүрхүүлийн өөрчлөлттэй явагдах атомуудын харилцан үйлчлэл гэж үзэж болно.

Бодисууд хоорондоо нэгдэж химийн нэгдэл үсэх явцад энерги ялгарна. Хичнээн их энерги ялгарна, төдийчинээ батжилтай нэгдэл үүснэ. Иймээс холбоог задлах энерги уг химийн нэгдлийн батжилын хэмжүүр болно.
Химийн холбоог ангилсан хэд хэдэн ангилал байдаг. Химийн холбоог ионы, ковалентийн, донор акцепторын, устөрөгчийн, металлын холбоо гэж ангилдаг.

1.1 Ковалент холбоо

Ковалент холбоо нь нэгдэж байгаа хоёр атомын сондгой электронууд ерөнхий хос электрон үүсгэсний үр дүнд үүснэ. Хэрэв тухайн молекул нэг элементийн хоёр атомаас тогтсон байвал тэдгээрээс үүссэн хос электроны үүл харилцан нэвчиж, тэнд электроны нягтрал болсон хэсэгт татагдан тогтвортой молекул үүснэ.

Устөрөгчийн атомын электрон байгууламж 1s¹ бөгөөд электроны давхраандаа сондгой ганц электронтой учир ийм хоёр атомаас молекул үүсэхэд s- орбиталууд харилцан нэвчиж түүнд хоёр цөм татагдаж устөрөгчийн молекул үүснэ.

Химийн холбооны чухал тоон үзүүлэлт бол холбооны энерги ба холбооны урт байдаг. 1 моль устөрөгчийн молекул үүсэхэд 435кж энерги ялгарна. Өөрөөр хэлбэл 1 моль устөрөгчийн молекулыг задалж атом болоход 433 кж энерги шаардагдана. Үүнийг холбооны энерги гэнэ. Устөрөгчийн атомын радиус 0,53 А° бөгөөд хоёр атомын цөмийн хоорондох зай 1,06 А° байх байтал молекул үүсэх процесст орбиталууд нэвчиж хоёр цөм ойртсоноос тэдгээрийн хоорондын зай 0,74А° болсон байдаг.
Молекул үүсгэж байгаа цөмүүдийн хоорондын зайг холбооны урт гэнэ. Холбооны урт хэчнээн бага байна, химийн холбоо төдийчинээ батжилтай байна. Өөрөөр хэлбэл холбооны урт багасах тутам холбооны энерги ихсэнэ. Нэг элемэнтийн хоёр атомаас тогтсон молекулын электрон үүл хоёр цөмийн дунд ижил зайд орших учир нэмэх, хасах цэнэгийн ямар нэгэн туйлшрал үүсэхгүй. Ийм холбоог туйлгүй ковалент холбоо, уг молекулыг туйлгүй молекул гэнэ.


Хэрэв молекул янз бүрийн элементийн атомуудаас тогтсон байвал ерөнхий электроны үүл аль нэг атомын тал руу хазайж тэгш хэмт байдал алдагдана. Ийм тохиолдолд туйлшрал үүснэ. Туйлт молекул үүсгэж байгаа холбоог туйлт ковалентийн холбоо гэнэ.


Жишээ нь, устөрөгч хлороос устөрөгч үүсгэхэд электроны хос хлорын зүг рүү хазайснаар хлор байгаа талд хасах туйл, устөрөгчийн талд нэмэх туйл үүснэ. Үүнийг туйлт молекул гэнэ.

Ингэж электронуудын ерөнхий хос үүсгэн нэгдэж байгаа атомуудын холбоог ковалент холбоо гэнэ. Өөртөө электроны ерөнхий хосыг татах атомын чадварыг түүний цахилгаан сөрөг чанар гэнэ. Атомын цахилгаан сөрөг чанар хичнээн их байна , тэр нь электроны хосыг хүчтэй татна.

Холбооны чиглэл: Ковалент холбоо нь харилцан үйлчилж байгаа атомуудын электроны үүл дээд хэмжээгээр нэвчсэн чиглэлд үүсдэг. Өөрөөр хэлбэл тодорхой чиглэлд холбоо үүснэ. Үүнийг холбооны чиглэлт чанар гэнэ. Холбооны энэ чиглэл нь үйлчилж байгаа атомын тоо ба электронуудын төрлөөс хамаарна. Хоёр s–орбитал , p-орбитал, эсвэл s, p-орбиталууд нэвчиж s¹-s¹, p¹-p¹, s¹-p¹ электронуудын хослолоор үүссэн холбоо нэгдэж байгаа атомуудын төвийг дайрсан шулуун дээр байрлана. Жишээ нь : Устөрөгчийн молекул s¹-s¹, HCl –ийн молекул s¹-p¹ , Cl-ийн молекул p¹-p¹ гэсэн электронуудын хослолоор үүснэ. Ийм төрлийн молекулийг шугаман хэлбэртэй молекул гэнэ. Түүний чиглэлийг шугаман чиглэл гэнэ.

 1.2 Ионы холбоо

Цахилгаан сөрөг чанараар эрс ялгаатай элемэнтүүдийн нэгдэл үүсэхэд , өөрөөр хөлбэл жинхэнэ метал ба метал бишүүд нэгдэхэд тэдгээрийн электроны ерөнхий хос цахилгаан сөрөг чанараар илүү атомт бүрэн шилжинэ. Үүний үр дүнд ион үүснэ.

Жишээ нь : Хлор дотор натрийг шатаахад натрийн атомын сондгой 3s – электрон хлорын мөн сондгой 3-р электронтой нийлж электроны хос үүсгэнэ. Энэ ерөнхий хос хлорын атом уруу бүрэн шилжсэний дүнд Na+,Cl- ионууд үүснэ. Ингэж электрон өгөх буюу эсвэл нэгдүүлэх замаар буй болсон цахилгаан цэнэгтэй жижиг хэсгүүдийг ион гэнэ. Эсрэг цэнэгтэй ионууд таталцсаны үр дүнд үүссэн нэгдлийг ионы нэгдэл, ионуудын хоорондын холбоог ионы холбоо гэнэ.

1.3 Донор акцептор холбоо

Нэг атомын хос электрон, нөгөө атомын хоосон орбиталын хооронд үүссэн холбоог донор акцептор холбоо гэнэ.


Үүнд : хос электроноо өгч байгаа хэсгийг донор, хоосон орбиталдаа электроны хосыг хүлээж авч байгаа хэсгийг акцептор гэнэ. Жишээ нь :

А: + В = А В             Н3 N : + H + = NH4+

Азотын атом донор, устөрөгчийн ион акцептор болно.

Гэхдээ энд аммиакын молекул дахь азот ба устөрөгчийн атомууд өөр хоорондоо туйлт ковалент холбоогоор холбогддог гэдгийг санах хэрэгтэй.


бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: Хими 2009-11-25 өдөр 18:02
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих

Атомын бүтэц

Атомын бүтцийг монгол ардын
         аман зохиолын хэлээр


Атом гэдэг асар жижиг
Атом гэдэг агуу хүчтэн
Атомын бүтцийг гайхан шагширч
Аугаа хүчийг нь сүрдэн биширцгээе!



Атом гэдэг дэндүү хүчтэй ч
Аргагүй нарийн бүтэцтэй  юм шүү
Алив хүүхдүүд минь наашаа суу
Атомын бүтцийг тайлж өгье

Химийн урвалаар ямар ч бодис
Хичнээн янзаар хувирна
Түүнийг үүсгэсэн мүлекул

Тэр бүхэнд задарна



Өчүүхэн жижиг молекул
Өчнөөн олон атомаас тогтоно
Харин тэдгээр атомууд нь
Химийн урвалд тэсвэртэй
Атом гэж юу юм бэ
Ахиад цаашаа задардаг юм уу
Учир нь олдомгүй атомын нууцыг
Ухаж сайн судлаад үзье


Атом бүхэлдээ цахилгаан саармаг
Аливаа зүйлд үл татагдана
Харин дотроо олон хэсэг
Хасах нэмэх цэнэгтэй бөөмс
Төв дунд нь цөм оршино
Түүнийг тойроод электронууд эргэнэ
Хасах нэг цэнэгтэй электроны
Харин өөрийнх нь масс өчүүхэн бага
Учир иймд атомын масс
Угтаа ганцхан цөмийн масс



Атом саармаг байхын учир
Атомын цөм нэмэх цэнэгтэй
Бас л цөм нь нарийн нийлмэл бүтэцтэй
Бяцхан хэсгүүдийн нэг протон, нейтрон
Нэмэх нэг цэнэгтэй протон
Нэгтэй тэнцүү масстай
Нейтрон массаар тэнцүү ч
Нэг ч цэнэг байхгүй
Масс нь цөмөөрөө нэгтэй тэнцүү
Магад тооны нийлбэр нь цөмийн масс



Электроны тоо буюу цөмийн цэнэгийг
Элементүүдийн үелэх системээс хараарай
Үелэх системд эзлэх байр нь
Үнэндээ түүнийг заагаад өгнө
Атомын масс ч үелэх системд бий
Албаар түүнийг бүхэл тоо болгоорой
Ингээд та нар бүгдийг ойлголоо
Элемент бүр дээр шалгаад үзээрэй

Электроны тоо нь өөрчлөгдсөн байвал

Ийм атомыг ион гэдэг юм
Элекроны тоо нь хорогдсон атом
Эерэг цэнэгтэй ион катион болно
Электроны тоо нь нэмэгдсэн атом
Сөрөг цэнэгтэй ион анион болно
Эерэг, сөрөг ионуудын таталцахад
Элдэв янзын молекул үүснэ
Энгийн химийн урвалаар атом
Үүнээс өөр өөрчлөлт байхгүй


Цөмийн урвал болвол харин
Сүрхий өөрчлөгдөж өөр атом болно
Атомын цөм задрах үед
Асар их энерги ялгарч
Аюул нь хэдэн үе дамжих
Аймшигт дэлбэрэл болно
Цөмийн энергийн энэ их хүчийг
Сүүлийн үед ашиглах болж
Эрчим хүчний эх булаг болгон
Энхийн үйлсэд зориулж байна


Атом гэдэг асар жижиг
Атом гэдэг аугаа хүчтэн
Атомын бүтцийг гайхан шагширч
Аугаа хүчийг нь сүрдэн биширцгээе



бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: Хими 2009-11-01 өдөр 13:24
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Усны магтаалыг химийн хэлээр

 Усны магтаалыг химийн хэлээр

Аливаа бүхний эхлэл болсон
Амьдрал жаргалын эрдэнэ болсон
Ус гэдэг чандмань эрдэнийн
Уг чанарыг магтан дуулъя

  
 



Устөрөгч гэдэг элементийн
Хоёрхон атомыг агуулсан
Хүчилтөрөгч гэдэг элементийн
Ганцхан атомыг багтаадаг
Ердөө гуравхан атомаас тогтдог ч
Ер бусын олон чанарыг үзүүлдэг
Түүний  бяцхан туйлтай молекулууд
Тун ч олон эрдэм чадалтай


Шүлтийн металлтай үйлчлэхдээ тэр
Устөрөгч хийг ялгаруулдаг
Металлын гидридтэй үйлчлэхдээ бас
Устөрөгч хийг зөнд нь ялгаруулдаг
Усны бяцхан молекул угаас олон эрдэмтэй
Суурийн оксид дээр хийвэл
Шүлт болоод хувирчихдаг
Хүчлийн оксид дээр хийвэл
Хүчил болоод хувирчихдаг
Улайссан нүүрсэнд дөхөхөөрөө
Хүчилтөрөгчөө бэлэглээд найзалчихдаг
Идэвхитэй галогентэй  болохоор
Хүчлийн холимог үүсгэчихдэг
Усанд бодисууд уусахдаа
Дулаан ялгаруулах буюу шингээнэ
Аливаа уусмал дээр нэмбэл
Ааг хүчийг нь сулруулна


Ус гэдэг үнэхээр шидтэй
Угаас олон эрдэм чадалтай



Үнэхээр би ачтай шүү гэх шиг
Үнэр амт огтхон ч байхгүй
Өчүүхэн ч хор байхгүй гэсэн шиг
Өнгө тунгалаг шингэн бодис
Шил шиг тунгалаг өнгөтэй болохоор
Цаадах нь нэвт харагдаад байдаг
Болор шиг гэрлийг хугалдаг болохоор
Чиний нүүрийг тольдуулаад байдаг

Угааж арчихад хамгаас тустай
Ууж идэхэд бүхнээс үнэтэй
Хавьтсан бүхнээ норгож байдаг
Хазайсан зүгтээ урсаж байдаг
Ус гэдэг үнэн гайхамшиг



Ургамал амьтны амьд байх нөхцөл
Нийт олон бодисыг
Урвалд оруулах үндсэн орчин
Нийлмэл, дан ялгаагүй
Уусгаж чаддаг түгээмэл уусгагч



Электролитийн молекулыг тойрон бүчихдээ
Эсрэг туйлаараа хамтран чангааж
Эерэг, сөрөг цэнэгтэй хэсгүүдэд       
Эгшин зуурт л хуваагаад салгачихдаг
Уусмалд үүсэх ионы байдлаар            
Уусмалын орчныг тодорхойлж болдог
Хүчиллэг, шүлтлэг, саармаг орчныг           
Хөөрхий ус л үүсгэж чаддаг
Ус гэдэг үнэхээр шидтэй  
           
Уусмалын орчныг бүрдүүлж байдаг
Агаарт өөрөө уусаж байдаг       
Агаарыг өөртөө уусгаж байдаг
Давсыг уусган уусмал болдог

Үнэт сайхан металлыг тэр   
Үнэхээр тоож харьцдаггүй мөртлөө
Идэвхитэй металлыг үзэхээрээ тэр     
Ирмэхийн завдалгүй урвалд орчихдог
Тогтмол гүйдэлд залгаж орхивол        
Торолгүй түргэн хоёр хий болчихно
Устөрөгч, хүчилтөрөгч хоёр хий нь      
Устайгаа адилхан өнгө байхгүй ээ



Хөлдүү байхад нь мөс гэнэ            
Шингэн байхад нь ус гэнэ
Агаарт үзэгдэхгүй болчихоор нь уур гэнэ    
Арай өтгөрч битүүрчхээр нь манан гэнэ
Өвсөнд бөнжигнөснийг нь шүүдэр гэнэ     
Өвөл гялтганадагийг нь хяруу гэнэ
Зуны тунадасыг нь бороо гэнэ        
Зуурдхан хатуурсныг нь мөндөр гэнэ
Өвлийн тунадасыг цас гэнэ          
Өчүүхэн бужигнасныг нь хялмаа гэнэ
Олон янзаар хувилж байдаг ус гэдэг үнэхээр шидтэй

Дэлхийн гадаргын ихэнх хэсгийг       
Дэндүү их ус эзэлдэг
Далай, тэнгис, нуур, цөөрөм        
Даанч их тогтмол уснууд
Мөрөн, гол, горхи, булаг     
Мөн ч их урсгал уснууд

Хий болж агаарт дэгдсэн ус
Мөс болж хатуурч царцсан ус
Хүн, амьтны биед шингэсэн ус
Хөрсөн доогуур нэвчсэн ус
Ургамал, мөөгний биеийн ус
Уст талстын далд ус
Энэ их уснууд цөмөөрөө
Энгүй хэрэгцээг нь илтгэж байдаг


Аливаа бүхний эхлэл болсон
Амьдрал жаргалын эрдэнэ болсон
Ус гэдэг үнэн гайхамшиг
Ус гэдэг чандмань эрдэнэ

 


бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: Хими 2009-10-31 өдөр 21:49
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих


Танилцуулга

Зургийн цомог

Архив

RSS | Сэтгэгдлийн RSS | BlogMN бүртгэл | Тусламж | BlogMN гишүүн хайх | BlogMN нүүр
© 2007 Teacher of Chemistry B.Tsolmon