Форум | Холбоо барих
Блог хайлт:

Teacher of Chemistry B.Tsolmon

Усны магтаалыг химийн хэлээр

 Усны магтаалыг химийн хэлээр

Аливаа бүхний эхлэл болсон
Амьдрал жаргалын эрдэнэ болсон
Ус гэдэг чандмань эрдэнийн
Уг чанарыг магтан дуулъя

  
 



Устөрөгч гэдэг элементийн
Хоёрхон атомыг агуулсан
Хүчилтөрөгч гэдэг элементийн
Ганцхан атомыг багтаадаг
Ердөө гуравхан атомаас тогтдог ч
Ер бусын олон чанарыг үзүүлдэг
Түүний  бяцхан туйлтай молекулууд
Тун ч олон эрдэм чадалтай


Шүлтийн металлтай үйлчлэхдээ тэр
Устөрөгч хийг ялгаруулдаг
Металлын гидридтэй үйлчлэхдээ бас
Устөрөгч хийг зөнд нь ялгаруулдаг
Усны бяцхан молекул угаас олон эрдэмтэй
Суурийн оксид дээр хийвэл
Шүлт болоод хувирчихдаг
Хүчлийн оксид дээр хийвэл
Хүчил болоод хувирчихдаг
Улайссан нүүрсэнд дөхөхөөрөө
Хүчилтөрөгчөө бэлэглээд найзалчихдаг
Идэвхитэй галогентэй  болохоор
Хүчлийн холимог үүсгэчихдэг
Усанд бодисууд уусахдаа
Дулаан ялгаруулах буюу шингээнэ
Аливаа уусмал дээр нэмбэл
Ааг хүчийг нь сулруулна


Ус гэдэг үнэхээр шидтэй
Угаас олон эрдэм чадалтай



Үнэхээр би ачтай шүү гэх шиг
Үнэр амт огтхон ч байхгүй
Өчүүхэн ч хор байхгүй гэсэн шиг
Өнгө тунгалаг шингэн бодис
Шил шиг тунгалаг өнгөтэй болохоор
Цаадах нь нэвт харагдаад байдаг
Болор шиг гэрлийг хугалдаг болохоор
Чиний нүүрийг тольдуулаад байдаг

Угааж арчихад хамгаас тустай
Ууж идэхэд бүхнээс үнэтэй
Хавьтсан бүхнээ норгож байдаг
Хазайсан зүгтээ урсаж байдаг
Ус гэдэг үнэн гайхамшиг



Ургамал амьтны амьд байх нөхцөл
Нийт олон бодисыг
Урвалд оруулах үндсэн орчин
Нийлмэл, дан ялгаагүй
Уусгаж чаддаг түгээмэл уусгагч



Электролитийн молекулыг тойрон бүчихдээ
Эсрэг туйлаараа хамтран чангааж
Эерэг, сөрөг цэнэгтэй хэсгүүдэд       
Эгшин зуурт л хуваагаад салгачихдаг
Уусмалд үүсэх ионы байдлаар            
Уусмалын орчныг тодорхойлж болдог
Хүчиллэг, шүлтлэг, саармаг орчныг           
Хөөрхий ус л үүсгэж чаддаг
Ус гэдэг үнэхээр шидтэй  
           
Уусмалын орчныг бүрдүүлж байдаг
Агаарт өөрөө уусаж байдаг       
Агаарыг өөртөө уусгаж байдаг
Давсыг уусган уусмал болдог

Үнэт сайхан металлыг тэр   
Үнэхээр тоож харьцдаггүй мөртлөө
Идэвхитэй металлыг үзэхээрээ тэр     
Ирмэхийн завдалгүй урвалд орчихдог
Тогтмол гүйдэлд залгаж орхивол        
Торолгүй түргэн хоёр хий болчихно
Устөрөгч, хүчилтөрөгч хоёр хий нь      
Устайгаа адилхан өнгө байхгүй ээ



Хөлдүү байхад нь мөс гэнэ            
Шингэн байхад нь ус гэнэ
Агаарт үзэгдэхгүй болчихоор нь уур гэнэ    
Арай өтгөрч битүүрчхээр нь манан гэнэ
Өвсөнд бөнжигнөснийг нь шүүдэр гэнэ     
Өвөл гялтганадагийг нь хяруу гэнэ
Зуны тунадасыг нь бороо гэнэ        
Зуурдхан хатуурсныг нь мөндөр гэнэ
Өвлийн тунадасыг цас гэнэ          
Өчүүхэн бужигнасныг нь хялмаа гэнэ
Олон янзаар хувилж байдаг ус гэдэг үнэхээр шидтэй

Дэлхийн гадаргын ихэнх хэсгийг       
Дэндүү их ус эзэлдэг
Далай, тэнгис, нуур, цөөрөм        
Даанч их тогтмол уснууд
Мөрөн, гол, горхи, булаг     
Мөн ч их урсгал уснууд

Хий болж агаарт дэгдсэн ус
Мөс болж хатуурч царцсан ус
Хүн, амьтны биед шингэсэн ус
Хөрсөн доогуур нэвчсэн ус
Ургамал, мөөгний биеийн ус
Уст талстын далд ус
Энэ их уснууд цөмөөрөө
Энгүй хэрэгцээг нь илтгэж байдаг


Аливаа бүхний эхлэл болсон
Амьдрал жаргалын эрдэнэ болсон
Ус гэдэг үнэн гайхамшиг
Ус гэдэг чандмань эрдэнэ

 


бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: Хими 2009-10-31 өдөр 21:49
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
.... ....

Танилцуулга

Зургийн цомог

Архив

RSS | Сэтгэгдлийн RSS | BlogMN бүртгэл | Тусламж | BlogMN гишүүн хайх | BlogMN нүүр
© 2007 Teacher of Chemistry B.Tsolmon